Friday, July 22, 2011

My article published at Daily News three years ago

3 жилийн өмнө сонгуулийн өмнө бичиж байсан өгүүлэлээ орууллаа. Утга санаа, анхааруулга нь хуучраагүй санагдаад.

ӨДРИЙН СОНИН
2008-06-20

“Баялагийн хараал” буюу Ардчилалаас Дарангуйлал хүрэх зам

Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхийг эргэн харахад цөөн тооны улсууд хөгжлийн хурдацаараа дэлхийн эдийн засагт онцгойрон гарч ирэн хөрш болон түнш улс орнуудынхаа төдийгүй дэлхийн нийт эдийн засагт эерэгээр нөлөөлөн дэлхийн эдийн засгийг чирч явах үүргийг хүлээдэг зүй тогтол хэдэнтээ ажиглагдсан бөгөөд шинэ зуун гарсаар ч мөн давтагдаж байна. Энд би дэлхийн 2-р дайны дараах сэргээн босголт өрнөсөн баруун Европоос илүүтэйгээр 1960, 1970-аад онуудад эрчимтэй хөгжиж эхэлсэн Япон болон “Азийн бар” улсуудын болон шинэ зууны эхээр триллион доллар давсан үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн 10 том эдийн засагт тооцогдох болсон Хятад, Бразил, Орос зэрэг улсуудын дэлхийн хөгжингүй болон ядуу буурай улс орнуудад үзүүлсэн үр нөлөөг чухалчлан авч үзэж байна. 1960-аад оноос байгалийн нөөц баялагаар хомс Азийн улс орнуудын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь (хэдийгээр нийлүүлэлтийн талын шокын хүчин зүйл тэр үед байсан ч гэсэн) тухайн үеийн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх эрэлтийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлсэн билээ. Үр дүнд нь эрдэс түүхий эдийн үнэ ханш огцом өсч, эрдэс түүхий эдэд суурилсан эдийн засаг бүхий ядуу буурай улс орнуудын улс төрчдийн “баялагийн эзэд нь ард түмэн” гэсэн национализмыг дэврээн, сүүлдээ нийгэмчлэл рүү хөтөлсөн билээ. Харамсалтай нь богино хугацаанд жаахан мөнгөжсөн тэдгээр ядуу буурай орнуудад хөгжлийн олон чухал суурь нөхцөлүүд бараг байхгүй байлаа. Хамгийн түрүүнд тухайн улс орнуудын хүн амын боловсролын түвшин, мэдээлэлийн тэгш хүрэлцээ, институцийн хөгжил зэрэг хүчин зүйлүүдийг онцгойлон авч үзэх ёстой юм.

Энэ бүх хөгжлийн чухал суурь тавигдаагүй байсантай зэрэгцээд эрдэс баялагийн үнэ ханш унаж өмнөх түвшиндээ очсоноор тэдгээр ядуу буурай улс орнууд эдийн засаг, нийгэм, улс төрийн гүн, байнгын хямралд орсон билээ. Эрдэс түүхий эдийн үнэ ханшийн түр зуурын тэрхүү өсөлтүүд нь хэвийн явагдаж байсан эдийн засгийн бусад салбаруудыг үндсэнд нь сүйрүүлж (Нидерланд өвчин гэж нэрлэдэг), эрх мэдэл, мэдээлэлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй нийгмийн хэт тэгш бус байдал, улс төр нийгмийн байнгын тогтворгүй байдал, дайн самууныг л үлдээсэн байна. Үүнийг сүүлд баялагийн хараал гэж нэрлэх болсон билээ.

Харвардын профессор Жефри Сакс, Эндрю Уорнер нарын 1995 оны судалгааны үр дүнд байгалийн нөөц баялаг ихтэй буюу бүр тодруулбал тухайн улсын экспортод эрдэс түүхий эдийн экспортын эзлэх хувь хэмжээ өндөр улс орнууд нөөц баялаг хомс улс орнуудаас эдийн засгийн өсөлтийн дундаж (1971-1989 оны хооронд) хурдацаараа доогуур байдаг нь тогтоогдсон билээ. Мөн байгалийн нөөц баялаг ихтэй улсууд дотоод сөргөлдөөн, дайн самуун илүү ихтэй, улс төрийн хувьд илүү бага ардчилалтай байдаг нь ч бусад судалгаануудаар тогтоогдсон. Жишээ нь, Леонард Уонтчекон (Leonard Wantchekon)-ы 2002 оны судалгаагаар эрдэс түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь 1 хувиар нэмэгдэхэд л тухайн улс авторитари дэглэмд орох магадлал 8 хувиар нэмэгддэг гэж тогтоогдсон байх юм. Тэгэхээр товчхондоо байгалийн арвин их баялаг нь хөгжлийн түлхүүр, түлхэц биш харин ч эсрэгээр чөдөр тушаа, гай болж хувирдаг учраас үр дүнг нь баялагийн хараал гэж нэрлэдэг.

Байгалийн нөөц баялаг ихтэй Африк, Латин Америкийн ядуу буурай, дайн самуун, дарангуйлалын зовлонд нэрвэгдсэн олон улс орнуудтай зэрэгцэн Ботсвана, Чили, Норвеги, Канад, Австрали зэрэг эдийн засгийн байнгын өсөлт, нийгмийн тогтвортой байдал, ардчилсан тогтолцоо бүхий хөгжингүй улс орнууд ч байгалийн баялаг ихтэйд тооцогддог. Тэгэхээр байгалийн баялаг ихтэй улс орон бүр “баялагийн хараал” тусдаг гэж үзэхэд учир дутагдалтай юм. Тэгвэл юунаас болж зарим нь “алтан дээр суусан баян”, зарим нь “алтан дээр суусан гуйлгачин” улсууд болоод байна вэ? Олон арван судалгаагаар “баялагийн хараал” тусах эсэх нь тухай улсын институци буюу засаглалын хөгжлөөс хамаардаг нь тогтоогдоод байна. Институци буюу засаглал сул хөгжсөн улс орнууд “баялагийн хараал” тусч “алтан дээр суусан гуйлгачин”-аараа дуудуулж байсан болон байгаа бол институци сайн хөгжсөн улсууд энэ “хараал”-ыг тусалгүйгээр хөгжил дэвшилд хүрч чадсан байна.

Иргэний дайн, ядуурал, гуйланчлалын хар бараандуу дүр зураг буудаг Африк тивд эдийн засгийн хөгжлөөрөө сувд мэт харагдах цөөн хэдхэн улс байдгийн нэг нь тус тивийн өмнөд хэсэгт орших Ботсвана улс билээ. Энэ улс 1966 онд Их Британийн колониос ангижран тусгаар тогтнолоо олсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй өндөр хурдацтайгаар өсч буй дэлхийн цорын ганц улс гэж тооцогддог. 1965-1998 онуудад дундажаар 7.7 хувийн өсөлттэй байсан тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2007 оны байдлаар 6 мянга гаруй ам.долларт хүрч тивдээ тэргүүлэгчдийн тоонд оржээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хагасаас илүүг аж үйлдвэрийн салбар тэр дундаа уул уурхайн салбар бүрдүүлдэг байна. Уул уурхайн салбартаа очир алмазын олборлолт тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Очир алмазаар тэжээгддэг гэж хэлж болохуйц, далайд гарцгүй, 2 хүрэхгүй сая хүн амтай энэ жижигхэн улсын байгалийн баялаг хөгжлийнх нь хөдөлгүүр болсон байхад алмазын үйлдвэрлэл эдийн засагт нь мөн адил чухал үүрэгтэй, далайд гарцтай Ардчилсан Конго (63 сая хүнтэй), Сиерра Леоне (6 сая хүнтэй) зэрэг улсуудын хувьд яагаад болсонгүй вэ? Массачусетсийн Технологийн Сургууль болон Бэркли дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Эйсмоглу, Жонсон, Робинсон (Acemoglu, Johnson, Robinson) нар 2002 оны судалгаагаараа Ботсванагийн энэхүү бахархам амжилтийг тус улсын сайн чанартай институци түүнээсээ улбаалсан зөв бодлоготой холбоотой гэж тогтоожээ. Эйсмоглу нар тэрхүү сайн институци нь яагаад Ботсвана улсад байгаад Африкийн бусад улс орнуудад байхгүй байгааг Нэгдүгээрт, колониос өмнө тус улсад байсан нийгмийн гишүүдийн оролцоонд суурилж, улс төрийн элитүүдийн эрхийг хязгаарлаж чадаж байсан омгийн уламжлалт институци оршиж байснаар, Хоёрдугаарт,  энэхүү уламжлалт институцид Британийн колонийн нөлөө маш бага байсанаар, Гуравдугаарт, тусгаар тогтнолын дараа хувийн өмчийн хамгаалалтын хүчтэй механизм, институцийг бий болгох, хадгалах сонирхол улс төрийн элитүүдэд их байсан зэргээр тайлбарлаж байна.

“Чанартай институци” гэж юу вэ? Институцийн чанарыг тодорхойлсон олон тодорхойлолтууд байдаг. Америкийн эрдэмтэн Гвартни, Холкомби, Лосон (Gwartney, Holcombe, Lawson 2004) нар Эдийн засгийн эрх чөлөөний индексээр институцийн чанарыг хэмжиж байхад Сакс, Уорнер (Sachs and Warner 1995) нар хараат бус шүүх засаглал, засаглалын үр ашигтай байдал, авилгал гэсэн 3 үзүүлэлтийг нэгтгэсэн “Хүнд сурталын индекс”-ээр засаглалын чанарыг илэрхийлэх үзүүлэлт болгон судалгаандаа оруулсан байна. Норвегийн эрдэмтэн Мелум, Моэн, Торвик (Mehlum Moene Torvik 2006) нар хуулийн хэрэгжилт, засаглалын үр ашиг, авилгал, хувийн өмчийн нийгэмчлэгдэх эрсдэл зэргийг агуулсан индексийг институцийн чанарын индекс гэж авч үзсэн байдаг. Дэлхийн Банкнаас 1996 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын институцийн хөгжлийн ерөнхий үзүүлэлт буюу Засаглалын чанарын индексийг гаргаж байгаа бөгөөд уг индексийг улс төрийн тогтвортой байдал, засаглалын нээлттэй үр ашигтай байдал, хууль болон бодлого зохицуулалтын чанар, хуулийн хэрэгжилт даган мөрдөлт, авилгалын хяналт зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн тодорхойлдог. Ерөнхийдөө чанартай сайн институци буюу засаглалыг хувийн өмчийн эрхийн найдвартай хамгаалалт, улс төрийн тогтвортой байдал, нээлттэй, хариуцлагатай, үр бүтээлтэй, авилгаас ангид засаглал гэж ойлгож болно.

Тэгвэл Монгол улс маань институцийн хувьд хэр хөгжсөн, хэр чанартайд тооцогдох вэ? Дэлхийн Банкны Засаглалын чанарын индексээр Монгол улс 2006 оны байдлаар маш хангалтгүй үнэлгээтэй гарсан байна. Судлаач миний бие улс орон бүрээр гаргасан уг индексээс эрдэс түүхий эдийн арвин нөөцтэй, эрдэс түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт нь эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэдэг нийт 36 улсыг сонгон авч тусад нь байр эзлүүлэхэд Норвеги, Канад, Австрали, Чили, АНУ гэсэн улсууд 84.8 – 95.8 оноотойгоор эхний 5 байранд, Ботсвана улс 74.1 оноогоор 6 дугаар байранд орсон байна. Монгол улс 47.9 оноогоор 11-р байрт байгаа хэдий ч эхний 5 байранд орсон улсуудын дундаж онооноос маш хол зөрүүтэй доогуур байна. Эрдэс баялагийн арвин их нөөцтэй ч авторитари дэглэм ноёрхсон, хөгжил буурай улсуудын хувьд “Засаглалын индекс” маш доогуур байна. Жишээ нь, Венесуэл 14.7, Туркменистан 9.1, Зимбабве 5.1, Ардчилсан Конго 3.3 оноотойгоор хамгийн сүүлийн байруудад жагсаж байна.

Монгол улсад Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Засаглалыг сайжруулах төсөл, Олборлох Үйлдвэрлэлийн Ил тод Байдлын Санаачлага зэрэг институци, засаглалын чанарыг дээшлүүлэх эхлэлүүд байгаа хэдий ч авилгал, үр ашиг муутай, чадавхи сул засаглал, өмчийн эрхийн хамгаалалт сул байсаар байна. Дэлхийн Банкны Засаглалын индексийн дотоод бүрэлдэхүүн индексүүдээс авилгалын хяналт, засгийн газрын үр ашигтай байдал гэсэн хоёр үзүүлэлтийн индекс бусад үзүүлэлтүүдээс ихээхэн доогуур байгаа нь анхаарал татаж байна. 2007 оны байдлаар Транспэрэнси Интернейшнлийн жил бүр гаргадаг авилгалын индексээр Монгол улс 179 улсаас 99 дүгээр байранд орсон байгаа бөгөөд 2002 оноос хойш тогтмол Монгол улсын зэрэглэл буурч, байр ухарсаар байгаа нь ихээхэн анхаарал татсан асуудал юм.

Нээлттэй бус, авилгад автагдсан гэж тооцогдож буй засаглал байгаа нөхцөлд байгалийн баялагийн арвин их нөөц, томоохон нээлтүүд нь хөгжил дэвшлийг бус эсрэгээр ухралтыг бүр цаашилбал ардчилсан улс төрийн тогтолцоонд ч сөргөөр нөлөөлж болохыг олон арван онолын болон эмперик судалгаанууд харуулж байна. Колумбийн болон Харвардын профессор Лейн болон Торнелл (Lane and Tornell 1996, 1999) нарын судалгаанууд 1970-аад болон 80-аад онуудын Нигериа, Венесуэль, Мексик, Тринидад Тобаго улсуудын институцийн сул хөгжил нь улс төр, эдийн засгийн болон мөн түүнчлэн овог аймгийн томоохон нөлөө бүхий цөөнхүүд тухайн улсынхаа эрдэс баялагийн гэнэтийн орлогоос төсвийн үр ашиг муутай дахин хуваарилалт, төслүүдээр дамжуулан ихээхэн хэмжээний орлого өөртөө авч, цаашид улс төр, эдийн засгийн нөлөөллөө улам бүр баталгаажуулах боломж олгодгийг харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, институцийн сул хөгжил нь байгалийн баялагийн орлого болон зээл тусламжийн дахин хуваарилалтын үр ашиггүй байдлыг бий болгож улмаар улс төр, эдийн засгийн эрх мэдлийн хэт цөөнх дэх төвлөрлийг бий болгодог байна. Тэдгээр цөөнх юмуу хувь хүмүүсийг клептократууд гэж нэрлэдэг бөгөөд тэдний оршин тогтнох эсэх нь тухайн улсын иргэний нийгмийн хөгжил, институцийн чанараас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь, Эйсмоглу нар клептократууд тухайн улсынхаа институцийн сул байдлыг ашиглан “хуваан захирах” стратегийг хэрэгжүүлэн улс төр эдийн засгийн зах зээлд ноёрхолоо баттай тогтоож авдагийг судалгаагаараа харуулсан байдаг. “Хуваан захирах” стратеги гэдэг нь клептократын үр ашиг муутай эдийн засгийн бодлогуудыг эсэргүүцэгчдийг татварын болон бусад арга хэрэгслүүдээр дамжуулан шийтгэж, нөгөө талаар дэмжигчдийг буюу клептократуудын бүлэгт хамрагдагсдыг урамшуулах замаар нийгмийн гишүүдийн хамтын ажиллагаа, хяналтыг багасгахыг хэлдэг байна.

Өнөөгийн Ардчилсан Конго буюу хуучны Заир улсын институцийн маш сул хөгжил, байгалийн асар их нөөц баялаг нь (жишээ нь, дэлхийн зэсийн нөөцийн 15 хувь ногддог) ядуу буурай тус улсад хөгжил дэвшлийг бус Мобуту Сесе Соко хэмээх дарангуйлагчийг л төрүүлсэн юм. Тэрээр эдийн засгийн хувьд заримдаа ямар ч үр ашиггүй томоохон төслүүдэд байгалийн баялагийн орлогоосоо хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн тойрон хүрээлэгчдээ бий болгож, тэд нараар дамжуулан улс төрийн эрх мэдлийг асар удаан хугацаагаар (1965-1997 онуудад) барьж чадсан билээ. Уганда улсын Иди Амин, Доминикан улсын Рафаэль Трухилло, Никарагуа улсын Сомозагийнхан гээд клептократ дэглэмийн олон жишээг дурдаж болох бөгөөд бүгдэд нь тухайн улсуудын институцийн сул хөгжил он цаг, үе удам дамжсан, дэлхийн түүхэнд бичигдсэн дарангуйлагчдыг төрүүлсэн юм.

Жаахан хүүг “гал аюултай” гэж хэлсээр байхад галд гараа хүргэн түлж байж “үнэхээр аюултай юм байна” гэдгийг мэдэж авдаг шиг бид бусдын туулсан гай зовлонг заавал туулах шаардлагагүй гэж хэлсээр байтал яг л тэр буруу замаар нь явж эхэлж байх шиг байна. Энэ нь Монгол улсын сүүлийн цөөн хэдэн жилийн эдийн засгийн гүйцэтгэл, улс төрийн зах зээл дээрх тоглогчдын үйл хөдлөлүүдээс тодорхой харагдаж байна. Хятад, Энэтхэг, Орос, Бразил зэрэг улс орнуудын эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлснээр дэлхийн эрдэс түүхий эдийн зах зээлийн эрэлт байнга нэмэгдэж, нөгөө талаар эрдэс түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой бус байснаар үнийн халууралын ээлжит циклийг бий болгоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, яг л 40-өөд жилийн өмнөх түүх дахин давтагдаж эхэллээ.

Ердөө 5-хан жилийн өмнө Монгол улсын эдийн засагт эрдэс түүхий эдийн оруулах хувь нэмэр 10 хүрэхгүй хувьтай байдаг байсан бол өнөөдөр тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дан ганц эрдэс түүхий эдийн олборлолт эзэлж байна. Монгол улсын экспортын орлогын бараг 80 хувийг дан ганц энэ салбар оруулж байна. Эдийн засгийн шилжилт хийснээс хойш анх удаа улсын төсөв болон гадаад худалдааны тэнцэл хоёулаа эерэг гарч эхэлсэн байна. Эрдэс түүхий эдийн хөөс мэт үнийн өсөлтөөс бий болсон болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн өсөлтийг төр засаг баригчид нь өөрсдийн байгуулсан гавьяа хэмээн сайрхан, эдийн засагт нь нэмж орж ирэх жаахан мөнгөний сурагаар “хувь”, “хишиг” нэртэй мөнгө тараах, амлах “уралдаан”-д орцгоож, хамгийн сүүлийн байдлаар энэ зун болох парламентийн сонгуулийн өмнө амлаж буй мөнгөний нийт дүн нь ядуу буурай тус улсын бүтэн жилд бүтээж байгаагаас ч хэдийн даваад байна. Энэ үзэгдэл бол нийгмийн олонх нь мэдлэг, мэдээлэл хомс, хөгжил буурай ядуу улс орнуудад болж байсан болон болж байгаа үзэгдэл бөгөөд “түлэгдэж” байж л болохгүй буруу гэдгийг нь ухаардаг жамтай ажээ.

Чөлөөт зах зээлийн эдийн засаг, улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн адармаатай үедээ яваа Монгол улсын маань хувьд институцийн хөгжил, засаглалын чанар хангалттай түвшинд хүрээгүйн улмаас байгалийн баялагийн арвин их нөөц, томоохон ордуудын нээлтүүд нь шударга өрсөлдөөнт зах зээл, ардчилсан улс төрийн тогтолцооны төлөвшилтөд сөргөөр нөлөөлж ч болзошгүй юм. “Төв азийн цээжин дэх Мобуту, Иди Амин, Маркос нарын залгамж халаа төрлөө” гэх гарчигтай мэдээг дэлхийн сонорт хүргүүлэхгүйн тулд Монгол улс хувийн өмчийн эрхийн хамгаалалт сайтай, хууль, дүрэм, журмыг чанд сахидаг, нээлттэй, үр ашигтай, авилгалаас ангид засаглалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Ингэж л чадснаар бид өвөг дээдсээс өвлөн үлдээсэн үнэт эрдэнийг хөгжил дэвшлийнхээ хөдөлгүүр болгон ашиглаж чадах билээ.